Проф.Олхонуд Баярхүү

Goldman Sachs (GS) хэмээх Америкийн судалгааны хүрээлэн 2050 оны дэлхийн эдийн засгийн төсөөллийг таамаглаж, улс орнуудыг байр эзлүүлжээ. Гэвч тэнд нь Монгол Улс төддүгээрт, төчнөөн ам.доллараар төдөд бичигдэнэ гэсэн судалгаа байхгүй. Энэ нь манай улсын жижиг, эмзэг эдийн засагтай, хүм ам цөөн гэдэгтээ бус, ерөөсөө их гүрнүүдийг халз тулгаж байр эзлүүлэх гэсэн цаад бодлого, судалгааны аргачлалтай нь холбоотой.
Бразил, Орос, Энэтхэг ба Хятадыг (BRIC буюу эл дөрвөн улсын англи нэрний эхний үсгийн товчлол) өнөөгийн аж үйлдвэржсэн G-7 бүлгийн гишүүн улсуудтай харьцуулан судлах аргачлал “BRIC концепц” гэсэн нэртэйгээр эндхийн судлаачдын арга барилд 2001 оноос давамгайлах болж, улмаар “BRIC концепц” онолоор дэлхийн олон оронд эдийн засагч, улстөр судлаачид аргачлал хийн ажиллаж буй. Учир нь хүн амын өсөлтөөр төдийгүй эдийн засгийн өсөлтөөр анхаарлын төвд байнга байх болж, хэзээ мөдгүй аянга ниргэж цахиур хагалах дөрвөн гүрний тухай баруунд бахархалтайяа шуугих ажгуу.
Goldman Sachs-ын “BRIC” судалгаагаар бол 2050 он гэхэд энэ дөрвөн улс хамгийн өндөр ДНБ-тэй эхний зургаан улс дотор орж ирэх аж. 2032 онд Энэтхэг Японыг эдийн засгийн цараараа гүйцэж, 2041 онд Хятад АНУ-ыг гүйцсэнээр тэрхүү зургаан улсыг дээрхи 4 улсаас гадна АНУ, Япон хоёр бүрдүүлэх болж байна.
Goldman Sachs-ын судалгаагаар 2042 он гэхэд эдгээр улс (BRIC) нь АНУ, Герман, Япон, Франц, Британи, Италиийг хөөж гүйцэх ба бараг 2035 он гэхэд тэр зорилгоо хангах бололцоог буй болгох нь байна. 2007-2008 онд дэлхийн ДНБ-д оруулах BRIC-ийн дөрвөн улсын хувь оролцоо АНУ-ынхаас давахаар тооцоологдож байна. Өнгөрсөн таван жилд дэлхийн ДНБ-д оруулсан эдгээр улсын хувь оролцоо 7.8 хувиас 11 хувь хүртлээ өссөнөөр тэдгээрийн хөгжлийн цаашдын төлөвийг тодорхойлох боломж нээгджээ. Гол нь хөрөнгө оруулалт ба түүгээр дамжин орж ирсэн санхүүгийн капиталын дүн ийм дүгнэлтэд хүргэжээ. Энд дурдсан 11 хувийн өсөлтийн гуравны хоёр нь Хятадад ногдож, ам.долларын дүнгээрээ хоёр дахин өсч, хоёр триллион 484 тэрбум байснаа таван триллион 256 тэрбум болж өсчээ.
Тавхан жилийн дотор бүтээсэн энэ их баялгийн өсөлтийг жишвээс Францын ДНБ тэр чигээрээ явж байгаа нь тэр. Эдүгээ дэлхийн дөрөв дэх том эдийн засаг гэж тооцогдож буй Хятад 2010 он гэхэд Германыг ардаа орхино гэж Goldman Sachs-ынхан үзэж байна. ОХУ-ын хувьд дэлхийн ДНБ-д оруулсан хувь 0.8 хувиас хоёр хувь болж өссөн нь бага тоо мэт харагдавч өндөр өсөлт гэж үзэж байна. Энэтхэг ч мөн яггүй өсөлттэй яваа. Оросын алтан валютын нөөц нь 10 гаруйхан жилийн дотор өссөөр эдүгээ 280 тэрбум ам.доллар болсон нь Евро-гийн бүсийн аль ч улсынхаас давж гарсан үзүүлэлт гэнэ. Энэ өсөлт эрчээрээ цааш явбал Орос нь хүн ам тутамд ногдох орлогынхоо үзүүлэлтээр дэлхийн хамгийн баян улсуудын жагсаалтад бичигдэж, 2050 он гэхэд оросууд маань итали, германчуудаас хавьгүй илүү хангалуун амьдрах ажээ.
2050 онд эдийн засгийн хэмжээгээрээ эхний долоон байр эзлэх хүчирхэг гүрнүүд бол: Хятад, АНУ, Энэтхэг, Япон, Бразил, Мексик, Орос хэмээн Goldman Sachs-ын судалгаанд өгүүлжээ.
Нэгэнтээ дэлхийн эдийн засагт АНУ-Хятад гэсэн тэнхлэгээр хуваарилалт явагдаж байгаа тохиолдолд 2020 оноос цааш гэхэд “Өрнө-Дорно”, “Умард-Өмнөд” гэсэн геоэдийн засгийн уламжлалт хуваарилалт огтын ач холбогдолгүй болж, санхүү, эдийн засгийн нягт харилцаа, харилцан хамаарал, телекоммуникациар холбогдсон цоо шинэ мегаполис ертөнц бий болно. Даяаршил ч өөрөөр эргэж магадагүй. “Америкжилт” гэсэн өнөөгийн ганц утга агуулгаа алдаж, харин даяаршлыг Ази-Хятадын, мөн Бразил, Энэтхэг, Оросын хөрөнгө давамгайлсан үндэс дамнасан корпорациудын тархалттай холбож үзэх болох нь. АНУ, Япон, Баруун Европ нь энэ эрчээрээ цааш явбал олон улсын улс төр, санхүүгийн институцид тэргүүлэх байр сууриа алдаж болзошгүй.
Ингэхэд 2050 оны Монголын тухай хэрхэн төсөөлөх вэ? Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулсан эрдэмтэд 2021 оны хөгжлийн төлөвийг ихэвчлэн дотоод тал руугаа хандуулж төсөөлсөн. Цаашхийг төсөөлөх, судлах үндэсний тэнхээ тамир манайд алга. Заавал 2050 гэж тулгахгүй 2020 оноо зөв төсөөлчихвөл тэр нь том олз байх болно.
Хөгжил, дэвшил, хөгжлийн хурдны аяыг даах эдийн засаг, үндэсний чадамж, оюуны мэдлэгийн тухайд би 2020, эсвэл 2050 гэсэн төсөөлөлд Та бүхнийг уриалж байна. Ялангуяа манайх шиг жижиг үндэстэн хэрсүү, мэдлэгтэй, нийтээрээ “Суралцдаг, оюунлаг нийгэм” байх аваас мэдлэг нь капитал болж хувирах боломж байж болох. 2050 онд тийм түвшинд хүрнэ хэмээн төсөөлөхдөө Монголын гадаад орчныг айхтар тооцохгүйгээр гадагш гишгэлтгүй. BRIC-ийн дөрөвийн гурав нь, бүр тодруулбал хоёр нь манай хоёр их хөрш байна. Тэр хоёргүйгээр бид хаашаа ч гишгэхгүй. Тэгэхээд тэр хоёр их өсөлт, мөнгөн хуримтлал манай улсыг тойрохгүй, шууд нөлөөлнө. АПЕК, Зүүн Азийн хамтын нийгэмлэг, ШХАБ гээд бүс нутгийн эвсэл, форумд BRIC-ийн дөрөвийн гурав нь гоцлох, голлох тухай төсөөлж байна. Ялангуяа манай улс шууд хамаатах ёстой Зүүн Азийн хамтын нийгэмлэгийг Хятад улс далдуур залж, тэр залуурт нь Япон, Солонгос, Энэтхэг татагдан орж байх бололтой. Зүүн Азийн хамтын нийгэмлэгт элсэх шалгуур нь АСЕАН-ы шалгуур байх болно хэмээн ноднин дээд хэмжээний уулзалтаасаа тунхаглажээ.
Энэ мэт олон хүчирхэгүүдийн оволзсон өсөлтөд Монгол хэрхэхийг төсөөлөөд үз!

0 сэтгэгдэл