Засгийн газар эдийн засгийг туйлын бүдүүн тоймоор удирдаж байна (2006.11.0.8)
Монголын эдийн засаг өнөөдөр үндсэндээ ашигт малтмалын салбар тэр дундаа алт, зэсээс тогтож байна. Эдийн засгийг алт, зэсээс салгаад харвал юу харагдах вэ? Үүний цаана Монголын эдийн засгийн жинхэнэ дүр төрх гарч ирнэ. Энэ бодит төрх дээр тулгуурлаад улсын төсвөө боловсруулах ёстой. Ингэвэл арай ондоо дүр зураг гарч ирж, үүнийг нэгд, түүнийг хоёрт тавих ёстой юм байна гэдэг эрэмбэ шал ондоо болно. Тохиолдлын, дэлхийн зах зээл дэх гэнэтийн үнийн өсөлтөөс гарч ирэх хөрөнгийг тараачихаад дараа нь элдэв зүйл болбол яах вэ гэхэд төсвийн төсөлд ямар ч хариулт алга гэж УИХ-ын гишүүн Р.Амаржаргал үзэж байна. Тэрбээр 2007 оны төсвийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан “ЗМ” сонинд /№266/ ярилцлагаа өгөхдөө ийнхүү хэлжээ. Монголын эдийн засгийн бодит байдлын судалгааг монголчууд өөрсдөө хийх хэрэгтэй. 1990 оноос хойш Монголд хийсэн бүх судалгааг гадныхан хийсэн. Ядуурал хамгийн гол асуудал боллоо гэдэг атал хэдэн хүн ядуу байгааг бид мэдэхгүй, гурван хүний нэг нь ядуу гээд бүдүүн тоймын зүйл яриад байна. Ийм байж төсвийн үндсэн чиглэлдээ ажилгүйдлийг 3,3 хүртэл хувь бууруулна гээд буйг тэрбээр шүүмжилж байна. Одоо 1996, 2000 он биш, 2006 он. Тиймээс бид арай ондоогоор харж, сэтгэж, тооцож ажилламаар байна. Сүүлийн үеийн нэг судалгаагаар манай улсын эдийн засгийн далд хэсэг 50 хувьтай тэнцэнэ гэжээ. Манай одоогийн эдийн засаг хоёр тэрбум доллар байгаа. Тэгэхээр Монголын эдийн засаг үнэн хэрэгтээ гурван тэрбум доллар юм байна. Энэ мөнгөн дээрээ тулгуурлаж төсвөө, мөнгөний бодлогоо боловсруулах ёстой. Гэтэл бид хоёр тэрбум ам.доллар дээр тулгуурлан төсвөө боловсруулж, үндэслэлгүй зүйл дээр санхүү, эдийн засгийн асуудлаа гаргаж ирээд байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар Монголын эдийн засгийг туйлын бүдүүн тоймоор удирдаж байна гэж Р.Амаржаргал мэдэгджээ.
2007 оны төсвийн төслийг харахад бодлогын чанартай зүйл тод харагдахгүй байна. Эдийн засгийн ерөнхий өсөлтийг дагаад хөрөнгө оруулалтын бололцоогоо бүрэн гүйцэд ашиглаж байна уу, үгүй юу гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Гэтэл тийм зүйл тодорхой харагдахгүй байна. Нийгмийн салбарт нэлээд анхаарсан хэдий ч энэ нь тэжээх, тэтгүүлэх л хүрээн дотор явж байна. Өөрөө үйлдвэрлэгч болоод өөрөө, өөрийгөө аваад явдаг тал руу нь иргэдийг чиглүүлж өгөх бодлого ховор харагдсан гэж Р.Амаржаргал хэлэв.
Хөдөлмөрийн бүтээмж их байж л эдийн засаг өсдөг. Хөдөлмөрийн бүтээмж гэдэгт хүн талаас бол ажилчдын чадавхи, чанар, эрүүл мэнд, техникийн талаас ямар ямар шинэ техник, технологи орж ирж байна гэдэг хамаарна. 2007 онд технологийн бодлого ийм байна гэсэн заалт төсөвт тусгагдаагүй байна. Мөн хүн, техник, технологи, үйлдвэрлэгч, хэрэглэгчийг хооронд нь холбодог механизм их чухал. Манай улсад ийм ганц холбогч байгаа нь банк. Эндээс банк ямар чадавхитай байна, эдийн засаг дахь хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүдийг дайчилдаг механизм байна уу, үгүй юу гэдэг асуудал гарч ирнэ. Бас нэг зүйл анхаарахад, татвар бууруулчихаад санхүүгийн урсгалыг зохицуулж байгаа зүйлүүдийг баталгаажуулж өгөхгүй бол болохгүй. Хөрөнгийн, мөнгөний, валютын зах зээлээс Монголд энэ нь үйлчилж байна гэхээр зах зээл алга. Нэг талд татвар нь буурсан байхад нөгөө талын салбарууд бахь байдгаараа байвал татвар бууруулсны үр шим гарахгүй гэж Р.Амаржаргал анхааруулжээ.
Нэгэнт л эдийн засгийн томоохон өөрчлөлтүүд хийж байгаа тохиолдолд гадаад, дотоод орчноо судлаад давуу талаа ашиглаж санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрдүүлэн түүнийгээ хөрөнгө оруулалт болгох ёстой. Тухайлбал, Монголд төмөр замын ганцхан сүлжээ бий. Төмөр зам эдийн засгийн хувьд асар их ач холбогдолтой. Энэ утгаар төмөр замын сүлжээг хөгжүүлэхэд асар их хөрөнгө оруулалт хийж болно. Бидэнд урт хугацааны томоохон зорилтуудаа барьж аваад хөрөнгө оруулалт хийх бололцоо байгаа юм.
Нөгөөтэйгүүр Монголд ажиллах хүчний өртөг үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 10-15 хувьтай тэнцүү байгаа нь дэндүү бага тоо. Хүнийг, хөдөлмөрийг ингэж үнэлж байна. Yүнийг эвдэхийн тулд нийгмийн асуудлыг шийдэх, цалинг нэмэх хэрэгтэй. Тойрог дотор орчихоод гүйгээд л, гүйгээд л байдаг хэрэм шиг л бид харахад нэг их ажил хийгээд байгаа юм шиг мөртлөө тэр нь нийгэмдээ хүртээлтэй багатай байна гэж Р.Амаржаргал ярьжээ.

0 сэтгэгдэл