Showing posts with label Монгол. Show all posts
Showing posts with label Монгол. Show all posts


Энэхүү нийтлэлийг оруулсан учир нь даяаршиж байгаа энэ ертөнцөд харьцахгүй улс гүрний хүн гэж байхаа болиод байгаа үед та биднээс хэн нэгэн найз маань "ЯАГААД ТАНАЙ УЛСЫГ МОНГОЛ ГЭЭД НЭРЛЭСЭН ЮМ БЭ?" гэсэн асуулт тавихад ядахад нэг таамналын үндсэн дээр ингээд биднийг монгол гэж нэрлэсэн юмаа гэж хэлж чаддаг байх ёстой болов уу, гэсэн үүднээс нийтлэлээ. Санал бодлоо comments болон чалчих газар үлдээвэл талархах байна. Та бүхний бодлыг уншмаар байна. Түүхийн хичээл дээр "Монгол хэмээх нэрийн учир" хэмээх сэдвээр семинарын хичээл хийлээ. Миний баримтласан таамнал бол Монголчууд бөөгийн шашин шүтдэг байсантай холбоотойгоор Монгол гэдэг нэр нь "Мөнх-гал, Мөнх тэнгрийн гал, Мөнх тэнгэр" гэсэн үгнээс үүдэн нэрийдсэн болов уу? гэсэн таамаглалууд юм. Эш сурвалж нь:
  • Түүхч Нагаанбуу: "Монгол гэдэг нэр нь Мөнх гал гэсэн үгнээс үүдэлтэй. Галыг ихэд эрхэмлэн дээдлэх хэрэгтэй гэсэн нийтлэл хэвлүүлсэн байсан."
  • Түүхч Элдэнтэй, Ардаажав: "Монгол гэдэг нэр нь Мөнка-тэнгри-гал гэсэн үгсийн дунд үеүд нь он удаан жилийн туршид гээгдэж улмаар үүссэн болой" гэх агуулгатай таамаглалыг дэвшүүлсэн байсан. Мөн энэ үг нь мөнхрөх гэсэн агуулгатай болно.
  • Өвөрмонголын түүхч Гаваа: Шинээр орчуулсан дөт тайллагат монголын нууц товчоондоо "Монгол гэдэг нь /мөнх тэнгэрийн/ мөнх болон овогтон ба аймагтныудамшилт бэлэг дэмбэрэл болсон /гал тулгын/ гал хэмээх үг лугаа нийлэн Мөнхгал болжээ. Иймээс Монгол гэдэг нэр нь мөнхийн аймаг угсаа байг гэсэн санаа болой." гэсэн дүгнэлтүүд болон бусад таамналууд дээр тулгуурлан өөрийн таамналыг гаргасан болно.


Цааш унших...


Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чоно, гэргий Гуа маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан хэмээх нэгэн хөвүүнийг төрүүлжээ......Бүхний үүсэл билээ. Миний уг гарал билээ.
Мөнх хөх тэнгэрийн ивээл дор, түүний сүр хүчинд итгэн, тэргүүн дээгүүр, хараа алсуур омог бардам явсан мянган мянганы түүх маань эцэг тэнгэрийн таашаалаар билээ. Бидний монголчууд ийн дээд тэнгэрээс тохиосон гэрэлт заяанд төрж, тэрхүү эзэн тэнгэрийнхээ тааллаар юу эс амжилтанд хүрэв. Одоо ч гэсэн хаана ч бай “Ээ тэнгэр минь, тэнгэр ивээлээ, тэнгэр өршөө” гэх мэт үгсийг монголчууд өргөн хэрэглэдэг. Ингэж тэнгэрт итгэх, тэнгэрийн сүр хүчинд өөрийгөө даатгах үзэгдэл оршсоор байна. Харин энэхүү тэнгэрийг шүтэх үзлийг Мөнх тэнгэрийн үзэл гэх ба их эзэн Чингис хаан бие даасан үзэл болгон хөгжүүлсэн юм. Монголын түүхэн судруудыг сөхвөл Чингис хаан өөрөө мөнх тэнгэрээс заяагаар төрсөн бөгөөд хүн хүнээс онцгой нэгэн байжээ. Тухайлбал Монголын Нууц Товчооны 59-р зүйлд түүний төрсөн тухай“Тэр цагт Есүхэй баатар, Татарын Тэмүжин-үгэ, Хори-буха зэргийн Татар хүнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Єүлэн үжин, Ононы Дэлүүн болдог гэдэг газар Чингис хааныг төрүүлжээ. Чингис төрөхдөө баруун гартаа шагайн чинээ нөж атган төржээ. Татарын Тэмүжин-үгэг барьж ирэхэд тохиолдож төрөв гэж Тэмүжин нэрийг өгчээ” хэмээсэн нь онцгой тохиолоор тэнгэрийн хүү бидэнд заяаж тэгээд ч түүний хийх ба бүтээх нь тэнгэрийн тааллаар байв.Энэхүү тэнгэрийн үзлийн талаар академич Ш.Бира Их британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Азийг судлах хааны нийгэмлэгийн Денис Синорын медалийг гардуулах ёслол дээр уншсан лекциндээ ийн өгүүлжээ: “Тэнгэрийн үзэл бол юуны өмнө монгол, түрэг нүүдэлчдийн эртний уламжлалт шашин болох тэнгэрийг тахин шүтэх үзэл санаанд суурилсан болохыг хэлэх хэрэгтэй. Бөө мөргөлийн сургаал ёсоор эцэг тэнгэр бол Ертөнц дахины гагц эрхэм дээд эр бэлгийн ер бусын их хүчнийг төлөөлөх бөгөөд тэр нь эх газар дээрх байгаль, нийгмийн бүх үзэгдэл юмсын анхдагч дээд эзэн ажээ. Монголчууд гагц тэнгэрт итгэх бөгөөд түүнийг үзэгдэх ба үл үзэгдэх бүх амьтан юмсыг бүтээгч хийгээд ертөнцийн аливаа жаргал зовлонгийн эзэн хэмээн үзнэ.Чингис хааны алив бичиг сэлтийн оршил дох «Мөнх тэнгэрийн хүчин-дор, хаганы суу залийн ивээл дур...» гэсэн томъёоллоос үзэхэд Тэнгэр ба Хаган хэмээсэн хос үзлийг илэрхийлсэн хийгээд тэдгээр нь ертөнц дэх дээд эрх мэдлийн хоёр үндсэн хэсгийг төлөөлнө. Тэнгэр ба хаган гэсэн хослол нь эцэг тэнгэр, эх газар хэмээх бөө мөргөлийн хослолын загвараар анх үүссэн байж болох боловч мөн чанартаа улс төрийн үзэл онолын агуулгыг илэрхийлж байжээ. Тэнгэр бол ертөнц дэх хязгааргүй эрх мэдэл бүхий дээдийн дээд ер бусын нэгэн төрлийн Бурхан мөн бөгөөд энэ нь хүчин хэмээх мөн чанараараа Хаганыг өргөмжлөн тэтгэнэ. Хаган нь тэнгэрийн нэрийн өмнөөс хаанчилж, тэнгэрийн таалал, зарлигийг газар дэлхийд хэрэгжүүлэх эрх үүрэгтэй ажээ. Єөрөөр хэлбэл Хаган бол газар дээрх Тэнгэрийн эрхэм дээд элч төлөөлөгч мөн. Хаган бол өөрийн суу-заль буюу харизма-гийн ачаар тэнгэрийн таалал, ивээлийг эдлэх ажээ. Энэ үзлээр дээр гагц тэнгэр байдаг шиг доор газарт гагц хаган байх учиртай, өөрөөр хэлбээс Монголын хаан нь «Наран ургахуй зүгээс наран жаргахуй хүртэлх» буюу Мөнх тэнгэрийн доорх бүхнийг нэгтгэн захирах ёстой байжээ”. Тиймээ. Чингис хаан өөрийн Тэнгэрийн үзлийг боловсруулж, үр шимийг нь хүртэж «Наран ургахуй зүгээс наран жаргахуй хүртэлх» буюу Мөнх тэнгэрийн доорх бүхнийг нэгэн гараар атгаж чадсан хүчтэн. Энэ нь өнөөгийн хэлээр глобальчлалын үндсийг тавьсан бөгөөд энэ тухай академич Ш.Бира лекциндээ “Чингис хаан дорно өрнийг хүчээр дайлан дагуулсан боловч Монголчууд урьд өмнө үзэгдээгүй дэлхийн их эзэнт гүрнийг эмхлэн тохинуулж, төрөл бүрийн улс орныг улс төрийн нэгэн хатуу засгийн дор нэгтгэж чаджээ. Yүний дүнд дэлхий ертөнц Монголын морин өртөө хэмээх тухайн үедээ хамгийн дэвшилтэт харилцаа холбооны тогтолцоогоор холбогдов. Єртөөний замаар хүн ард, үзэл санаа, элдэв мэдлэг, мэдээлэл сэлт болон арилжаа худалдааны урсгал хөдөлгөөн дэлхийн улс орнуудын хооронд чөлөөтэй явагдаж байв. Түүх үзэл санааны баримтын үүднээс авч үзвэл, Монголын тэнгэрчлэл бол эдүгээгийн бидний дэлхийчлэл, Тэнгэрийн үзэл нь глобализм буюу дэлхийчлэлийн үзэлтэй харьцуулан үзэж болмоор байгаа юм» хэмээн дурьдсан байна.Чингис хаан бөө мөргөл, мөнх тэнгэрийн үзлийг ул суурьтай, онолын хэмжээнд боловсруулж, хэрэглэж чадсанаараа аугаа их амжилтанд хүрсэн билээ. Энэ тухай доктор П.Нэргүй “Монголчуудын үзэл ба бодлого” нийтлэлдээ ийн бичжээ.“Чингис хаан болон алтан ургийнхан, өрлөг жанжнууд, Чингисийн их цэрэг монголчууд бүгд л бөөгийн үзлийг, бөөгийн ёс горимыг чандлан баримталж, бөө мөргөлийг ёсчлон гүйцэтгэж ирсэн бөгөөд бөөгийн үзэлд гүнээ итгэл үнэмшилтэй байсан учраас XIII-XүI зууны туршид аль ч шашинд уусалгүй, өртөж оролгүй, урваж дайвалгүй явж чадсан гэлтэй. Бөөгийн үзэл өөрийн оршин амьдрах бүх л үеийн туршид монголчуудыг аймхай бус зоригтой, дуулгаварлаг бус идэвхтэй, арчаагүй бус авхаалжтай болгож, чин үнэнийг, шударга ёсыг дээдлүүлж, цайлган цагаан сэтгэлтэй болгож хүмүүжүүлж чаджээ. Христос, будда, лал гээд аль ч шашныг бодвол бөөгийн үзэл нь бодит амьдралаас үүсэлтэй бөгөөд Монгол гүрнийг, Монголын төрийг төвхнүүлэхэд монголчуудыгаа дайчлан, идэвхийлэн оролцуулах дотоод оюун сэтгэлийн үлэмжийн шандастай байсан аж. Чингис хаан өөрөө бөө мөргөлийг хамгийн их шүтдэг хүн байлаа. Чингис хаан улс төр, цэргийн талаар их эрх олж, монголыг нэгтгэж , монголын их хаан болсон явдал бол бөө мөргөлийг ашиглаж биедээ татсантай холбоотой. Монгол гүрний хас их төрийн бодлого нь бөөгийн мөргөлд биш бөөгийн цогц үзэлд тулгуурлаж байсан. Бөөгийн үзэл нь арга билгийн ухаантай шүтэн барилдаж байсан учир монголчуудын, эсгий туургатнуудын, хаад ноёдын, монгол төрийн ертөнцийг үзэх үзэл болж байжээ. Чингис хаан бөө мөргөлийг, бөөгийн ёс суртахууныг гойд эзэмшсэн төдийгүй, бөөгийн зарим горим үйлдлийг төрийн ёслолд хэрэглэж байв. Хамгийн гол нь тэрбээр монголын бөөгийн үзлийг лавшруулж, энэ үндсэн дээр төрт ёсны үзлээ, мөнх тэнгэрийн үзлээ дэлхийн их гүрний төрийн бодлогын төвшинд хүргэж томъёолсон. Тэрбээр ерөнхий бүгдийг сайтар мэдэх, тодорхой бүгдийг сайтар жолоодох гэсэн зарчмыг баримталж, өмчит их улсыг мөнх тэнгэрийн үзлийн, хас их төрийг төрт ёсны үзлийн үндсэн ойлголт болгон дэвшүүлжээ. Мөнх тэнгэрийн үзэл нь өмчит их улс гэсэн ойлголтоор монголын бодит амьдралтай холбогдон мөнх тэнгэрийн ивээлээр зохих гавъяатанд хувь хүртээх, харъяалах иргэдийг хувааж өгөх явдал монголын бодит амьдралд мөнх тэнгэрийн үзэл хэрхэн яаж амилж байгааг илэрхийлж байна.Хаан гэдэг нь мөнх тэнгэрийн хүчин дор гал, нар, сараар сүлдэлсэн өмчит их улсын ерөнхийлөгч бөлгөө”.Чингис хааны боловсруулсан мөнх тэнгэрийн үзэлд тэнгэрийн таалал нь хаан хэмээгч тэнгэрийн элчээр дамжин иргэн ард, хэн бүхэнд хүрнэ. Тэд нь мөнх тэнгэрийн хүсэл зоригийг биелүүлэгч нэгэн хүч байсан ба тэнгэрт итгэсэн итгэлээрээ тэд сэтгэлийн хүчтэй байж, итгэл үнэмшлээрээ ариусан төв сэтгэлийг, авах гээхийн ялгалыг олж, тэнгэрийн зарлигт бүхнийг нийцүүлэхийн төлөө амьдарч, мөнх тэнгэртээ амьдралаа даатгадаг байсан байна. Энэ тухай доктор, профессор Г.Гэрэлбаатар бүтээлдээ: “1920 онд Польшийн эрдэмтэн лам Крилл Каралевский Ватиканы архиваас Гүюг хаанаас 1246 онд Ромын пап Инносент Iү-т илгээсэн Монгол улсын төрийн албан бичгийн тамган дээрх «Мөнх тэнгэрийн хүчинд Монголын далай хааны зарлиг ил болгон иргэнд хүрвээс биширтүгэй айтугай» гэдэг үгийг задалж үзвэл Мөнх тэнгэр-Далай хаан-Иргэн гэх гурван цогц ойлголтод хуваагдах ба энд сав шим ертөнцийн аливаа юмс үзэгдэл, үйл явдал болбоос мөнх тэнгэрийн санаа болон түүний тааллаар болж тогтоогдоно. Энэ нь хаан эзнээр дамжин эгэл жирийн ард иргэдэд хүрч биеллээ олдог. Хэрвээ ард иргэд мөнх тэнгэрийн хүсэл зоригийг ойлгож түүнд хүчээ өгөн таалагдаж чадваас мөнх тэнгэр нь шууд болон хаан эзнээр дамжин таалан соёрхоно гэсэн үзэл номлол тэр үед хүчтэй ноёлж байсныг харуулж байна. Бөөгийн шашин нь бөөлөхүйн хүчээр сүнс онгодтой харьцаж байдаг бол Мөнх тэнгэрийн үзэл нь голдуу оюуныг бясалгаж, залбиран даатгах хэлбэрээр бурхан хэмээх туйлын зүйлтэй харьцаж байдгаараа ялгаатай...” хэмээн тайлбарлажээ.Монголчуудын тэнгэрийг бүхний эхлэл, бүхний эзэн хэмээн үзэх үзлийг өөрийн “Мөнх тэнгэрийн үзэл” болгон хөгжүүлж, үүнийгээ улс иргэнээ амруулахад зориулж чадсан ба нийгэм олныг тэнгэрт итгэж зовлон жаргалаа даатган, тэнгэрийн хүсэл зоригт үйлийг таашаагдуулж, Тэнгэр гэх аугаа их эзэнтэй харилцан хамааралтай амьдарч итгэн биширснээр төв сэтгэлийг олж, шударга ариун ёсыг сахин, хүн бүр тэнгэрийн таашаалд захируулан өөрийн чадах мэдэхийг төрийн төлөө зориулдаг болгон хүмүүжүүлж чадсан нь Их Эзэн Богд Чингис хааны алдар гавъяа билээ.«Миний уг санаа нийгэм түвшин болгохыг эрсэн буй за. Они улс аймгийн эздийг зарлан эрсэн бус дэлхий дахин харилцан найрамдуу амар болвоос барвай» хэмээсэн нь түүний хүрэх зам, очих оргил байлаа. Yүнд хүрэхийн тулд Чингис хаан гагцхүү мөнх тэнгэрийн их хүчийг авч, тэнгэртэй харьцаж, сэтгэлээ гэгээрүүлэн төв сэтгэлийг олж, хаан хүний 35 эрдэмд боловсорч, түүнээрээ хүмүүст нөлөөлж чадсан юм. Тэгээд ч түүний нийгэмд тэнгэр эзний ивээл дор сайн үйл бүтээсэн бүхэн тэнгэрийн тааллыг хүртэж тэр нь шууд ба хаанаар дамжин илэрч байв. Цэрэг, нийгэм мөнх тэнгэрт итгэн биширснээр сэтгэлийн их хүчийг олж, амь насаа тэнгэрт даатган, тэнгэрийн зарлигаар тэд үргэлж ялдаг байв. Ингэж Мөнх тэнгэрийн үзэл бодитойгоор оршин, өөрийгөө харуулж байсан бөгөөд одоо ч гэсэн би мөнх тэнгэрийн удам хөх монгол хүн гэж бодохоор сэтгэл ариусан, омог огших шиг болно. Тэнгэрийн таалал орштугай.
Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Их Эзэнт улс минь амгалан, бат орших болтугай!
Санжаасүрэнгийн Эрдэнэбаяр


Цааш унших...


Монголчуудын гэр сууц нь их эртний уламжлалтай агаад хөгжил хувьслын олон шатыг туулан өнөө үед уламжилжээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжынхоо хувьд ихээхэн сонирхол татдаг билээ. Хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй гэх мэт олон тодотголыг монгол гэрт өгсөн байдаг.XIII зууны монголчуудын гэр тэрэг хэмээх нэгэн сууцны тухай дундад зууны жуулчдын тэмдэглэлд "гэр тэрэгтэй нүүдэл нь их хот нүүж яваа мэт сүртэй" харагддаг тухай тэмдэглэсэн нь буй.Байнгын хэрэгцээний гэр сууцыг хийц, гадаад хэлбэрээр нь монгол, түрэг гэр гэсэн хоёр үндсэн ангилалд хамруулна. Монгол гэрийг халх, ойрад, буриад гэж ялган үздэг. Гэр нь яс мод, бүрээс гэсэн хоёр үндсэн зүйлээс бүрдэнэ. Эрт үед гэр сууцаа дан модоор хийж байсны улмаас модон гэр гэж нэрлэх болсон. Хожим мод, эсгий бүрээс зэргээс бүтсэн гэр үүсэхэд эсгий гэр буюу эсгий туургатнууд хэмээн гэр сууцаар нь онцгойлон нэрлэсэн түүхтэй билээ. Гэрийн мод нь тооно, унь, хана, хаалга, эсгий бүрээс нь өрх, дээвэр, туурга, үүд зэрэг байна. Монгол гэрийн том багыг ханаар нь хэмжээлэх хийгээд дундаж айлын гэр нь 4 ханатай байна. XIX зууны эцэс үед жирийн малчны гэр нь дөрвөн ханатай, чинээлэг баячуудын гэр нь 5 ханатай, мөн 8-10 ханатай гэрийг аймгийн хан, хошуу тамгын газар барьж байжээ.Монгол гэрийн доторх горим ёсГэрийн доторх зайг хоймор тал, үүдэн тал, гэрийн эзэгтэйн тал, гэрийн эзний тал гэж ялгах нь гэрийн дотор баримтлах ёс ба зай талбайн журмыг тогтоосон хэв ёс байжээ. Монголчууд гэрийнхээ гол дунд гал голомт тулгаа байрлуулдаг. Түүнийг тойрсон орон зайн баруун тал нь эрэгтэй хүний эд зүйл, зүүн талд эмэгтэй хүний эд зүйлийг байрлуулдагаас уламжлан эзэгтэй тал, эрэгтэй хүний тал хэмээх болсон. Гэрийн доторх орон зайг 12 жилээр хуваан нэрлэх, зүг чиг заах, өнгөөр ялган гэрийн наран цагийн хуваарийг буй болгосон нь гэртэй холбоотой ардын мэдлэгийн нэгэн өв байв.


Цааш унших...


Түүхийн шинжлэх ухаанд Чингис хааны төрсөн, нас барсан сар, өдөр болон түүний мэндэлсэн, тэнгэрт хальсан газар орныг эцэслэн тогтоож хараахан чадаагүй байна. Мөн Их Монгол Улсыг байгуулж хаан ширээнд суусан он цагийн тухайд ч судлаачдын санал зөрөлддөг. Энэ онд 800 жилийн ойг нь тэмдэглэж буй Их Монгол Улсын түүхтэй Чингис хаан болон түүний шадар туслагчид, алтан ургийнхны намтар, үйл ажиллагаа салшгүй холбоотой.
Манай сонин Чингис хааны намтрын болон Их Монгол Улсын түүхэн хэрэг явдлын он цагийн тухай сүүлийн шинэ сэргэг судалгааны үр дүнг уншигчдадаа хүргэхээр түүхийн шинжлэх ухааны доктор, профессор А.Очирын бичсэн цуврал өгүүллүүдийн хоёр дахийг нь нийтэлж байна. Цаашдаа Их Монгол Улс байгуулагдаж, Чингис хаан ширээнд суусан он цагийг тодруулах нь, Тэмүжиний төрсөн газрын тухай зэрэг сэдвийг хөндөх юм.
Боржигин бол язгуурын монголчуудын сурвалж таны төрөн гардаг том овог. "Монголын нууц товчоо"-нд, "Бодончар боржигин овогтон болов" гэжээ. Бодончар бол Х зууны язгуурын монголчуудын тэргүүлэгч Добу мэргэн нас нөгчсөний дараа түүний бэлбэсэн хатан Алунгоогоос төрсөн бутач гурван хүүгийн отгон нь билээ. Добу мэргэний дараа Алунгоо хатнаас төрсөн Бугу Хатаги, Бугуту Салжи, Бодончар гурвын нууц эцэг нь тэдний гэрт агсан Маалиг баяудын нэгэн хүн мөн хэмээн сэжиглэгддэг.
Тийнхүү Бөртэ чоноос эхэлсэн язгуурын монголчуудын ноёдын удам нь Х зууны үед Добу мэргэн дээр ирээд тасарсан ажээ. Тэгээд ч хожмын Монголын их хаадын удмыг Бодончараас эхлүүлэн тоолдог. Монгол хаадын гарсан алтан ургийг ч Бодончараас эхэлсэн гэж сурвалж бичгүүдэд өгүүлдэг. Бодончар 970 онд төрсөн гэж судлаачид бодож гаргажээ. Тэгвэл боржигин овог нь Х зууны сүүлчээр үүссэн ажээ.
Бодончарыг өндөр өвгөө гэж үздэг алтан ургаас төрөн гарсан Чингис хаан XIII зууны эхэн үед өөрийн дүү, хүүхдүүддээ Монгол орныг хуваан өгснөөр тэдний үр хойчис нь ч үе залгамжлан Монгол Улсын хүн ам, газар нутгийн тодорхой хэсгийг өвлөсөн юм. Чингис, түүний дүү нарын угсааны боржигин ноёд XIII-XIҮ зууны үед Монголын эзэнт гүрний, ХIҮ зууны хоёрдугаар хагасаас XҮII зуунд зүүн Монголын бүх эрхийг барьж, өндөр нэр нөлөөтэй байв.
Манж Чин гүрний эрхшээлийн үеийн Монголын орон нутгийн эрх баригсдын дийлэнх нь боржигин тайж нар юм. XҮIII-XX зууны эхэн үеийн Халхын 83, өвөр Монголын 58, Хөхнуурын 21, Ил, Ховдын хязгаарын таван хошууны засаг ноёд нь бүгд Чингис хаан, түүний дүү нарын удмын ноёд байв. Энэ нь тэр үеийн монголчууд бөөн суусан дээрх газруудын 70 хувийн эрх мэдлийг боржигиныхон барьж байв гэсэн үг. Yүнээс гадна Халхын Сэцэн хан аймгийн Боржигин сэцэн засгийн хошуу (одоогийн Монгол Улсын Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Иххэт, Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Төв аймгийн Баянжаргалан сум, Говьсүмбэр аймагт)-нд боржигин нар бөөндүү сууж байсан билээ.
Язгуурын монголчуудын хамгийн том овог боржигин нь өөрийн онгон шүтээнтэй байсан нь мэдээж юм. Харин тэд онгоноо эрт мартсан бололтой. Тиймээс өдгөө боржигин овгийн онгон чухам юу байсан талаар судлаачдын санал зөрөөтэй байна.
Зарим судлаач боржигины онгон нь цагаан шонхор байсан гэж байна. Эл үзлийг баримтлагчид "Монголын нууц товчоо"-нд буй нэгэн мэдээг үндэс болгодог. Тэнд өгүүлсэн нь, Есүхэй баатар Тэмүжинг есөн настай байхад өгэлүн эхийн төрхөм Олхонуд иргэнээс түүнд охин гуйхаар яваад замдаа Хонхирадын Дэй сэцэнтэй уулзсанд, Дэй сэцэн: -Есүхэй худ аль хүрч явна хэмээсэнд Есүхэй -Миний хөвгүүний нагац олхунуд иргэнээс охин гуйхаар явна гэсэнд, Дэй сэцэн: -Энэ чинь нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй хөвгүүн байна. Би энэ шөнө нэгэн зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуу нар, сар хоёрыг атган нисч ирээд гар дээр минь буув гэж зүүдлэв. Есүхэй худ чи хөвгүүн дагуулж ирсэн нь даруй миний зүүдний тайлбар болов. Юун зүүд байх вэ? Танай хиад иргэний сүлдэр ирж заасан ажгуу" гэж хэлдэг. Лу "Алтан товч"-д үүнийг Таны хиад иргэний сүлд ирж заасан ажгуу хэмээсэн. "Монголын нууц товчоо"-ны сүлдэр гэдгийг Лувсанданзан сүлд гэж ойлгосон байна.
Сүлдэр хэмээх үг "Монголын нууц товчоо"-нд гурван удаа тохиолдоно. Yүнд, Чингисийн эсрэг тэмцсэн Жамуха баригдан, түүний өмнө өчихдөө, -Язгуур өөр төрөлхөт билээ, би. Илүү төрөлхөт андын сүлдэрээ (сүлдэрт) дарагдав гэжээ. Мөн Чингис хаан 1211 онд Тангуд улсад довтлон очсонд, Тангудын тэргүүн хэлсэн нь: -Чингис хааны нэр алдрыг сонсч айж байв. Эдүгээ сүлдэрт бие чинь хүрч ирж, сүлдрээс (чинь) айвай. Айж тангуд иргэн баруун гар чинь болж, хүч өгсү гэжээ. "Монголын нууц товчоо"-нд сүлдэр хэмээх үг орчин цагийн монгол хэлний сүлд, сүр сүлд, сүлд хийморь, сүр жавхлан гэсэн үгтэй ойролцоо утгаар хэрэглэгдсэн нь дээрх жишээнээс мэдэгдэж байна.
Тэгэхээр "Монголын нууц товчоо"-ны дээрх хэллэг нь хиад иргэний сүр сүлд нь Дэй сэцний зүүдэнд цагаан шонхор шувууны дүрээр хувилан ирж, Тэмүжин тэднийд хүргэн орохыг дохиолсон гэсэн санаа илтгэсэн бололтой. Монголчуудын аман зохиолд, аливаа сайн, муу явдлын ёр нь аль нэг амьтан, эд юмсын дүрээр зүүдэнд үзэгдэх нь түгээмэл тааралддаг. Тэгэхдээ, тэр зүүдэнд үзэгдсэн юмс нь тухайн овог аймгийн онгон шүтээн байх албагүй, зөвхөн ёр совингийн төдий, битүү дохио болдог. Дээрх Дэй сэцний зүүдэнд үзэгдсэн цагаан шонхор шувуу ч манай аман зохиолын тэр өгүүлэмжтэй төстэй байна. Yүнтэй холбогдуулан, "Монголын нууц товчоо" нь түүхийн сурвалж болохын зэрэгцээ басхүү уран зохиолын бүтээл гэдгийг мартаж боломгүй.
Шонхор шувууг боржигин овгийн онгон гэж үзэхэд эргэлзээ төрүүлэм өөр ноцтой баримтууд бас байна. Эртний Уйгурын домогт хаан Огузын үр ач нарын хэрэглэж явсан тамга, онгон шүтээн, хувь махны тухай сурвалж бичгүүдэд өгүүлжээ. Түүнийг үзүүлье.
Мөн Чингис хаан Дундад Азийг эзлээд, Казахын ноёдод эрхэмлэн шүтэж явах уриа дуудлага, шувуу, мод, тамга зэргийг тус тусад нь ялган соёрхсон аж. Тэр үед Чингис хаан Казахын Конрат овгийн тэргүүний уриа дуудлага нь конырат (хээр морь), эрхэмлэн шүтэх шувуу нь шонхор, мод нь алимын (үрлийн) мод, тамга нь сар-С хэмээн тогтоож өгснийг Казахын угийн бичигт өгүүлжээ. Хэрэв шонхор шувуу нь боржигин овгийн онгон байсан бол, их хаан өөрийн онгоноо харь Казахын овгийн бэлгэ тэмдэг болгон өгөх ёсгүй. Харин Конрат овгийн онгон нь шонхор шувуу байсныг сэргээн бататгасан байж болно.
Дээр өгүүлсэн зүйлүүдээс үзвэл, шонхор, цагаан шонхор шувуу нь түрэг угсаатны Уйгур, Казахын ноёлог овгуудын онгон шүтээн мөн гэдэг нь тэдний угийн бичиг болон бусад сурвалжаас тодорхой байна.
Гэтэл 1990 оноос хойш шонхор бол монголчуудын онгон шүтээн байсан гэх үндэслэл муутай үзэл дэлгэрч, төрийн болоод хувийн байгууллага, хүмүүс шонхрын дүрст бэлгэдэл хэрэглэх нь элбэгшин, тэр нь урлаг, утга зохиолын бүтээлд ч нэвтэрч байна. Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар шонхор шувууг албан ёсоор бэлгэ тэмдгээ болгож, бүх шатны цагдаагийн дүрэмт хувцасны ханцуйнд нисч буй шонхрын дүрсийг хэрэглэсэн нь дээрхийн нэг жишээ мөн. Энэ нь шонхор бол монголчуудын онгон шүтээн мөн хэмээн төрийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөнтэй адил зүйл болж байна.
Ерөөс онгон бол тухайн овог, аймгийн биеэ даан оршин тогтож байгаагийн илэрхийлэл, түүний гишүүдийн угсаа гарал, үзэл санааны нэгдлийн бэлгэ тэмдэг нь болж байдаг. Онгоноо тахиж аргадаж байвал, түний ивээлд багтан, тухайн овог аймаг өөдлөн дэгждэг, ёс бус зүйл хийж, түүнийг хилэгнүүлбэл, уруудан доройтож болно гэж бөөгийн шүтлэгтэн монголчууд ойлгодог байжээ. Тиймээс онгон шүтээнээ амь тавин хамгаалдаг , бусдад түүнийгээ алдвал,тэдэнд дагаж орсонтой адил хэмээн үздэг байв.
Монголын их хаадын төрөн гарсан боржигин овог нь түрэг угсаатантай шууд гарлын холбоотой, онгон шүтээн нэгтэн байсан гэх бодитой, тодорхой баримт байхгүй. Тиймээс уйгур, казах зэрэг түрэг угсаатны онгон шүтээн шонхор шувууг бид бэлгэ тэмдгээ болгон хэрэглэх нь Монголын төр ёсны уламжлал, монголчуудын үзэл санааны тусгаар тогтнол, ёс зүйд нийцэхгүй зүйл юм.Боржигин овгийн онгон нь шонхор биш юм бол чухам юу байсан бэ гэсэн асуулт гарч байна. Энэ овгийн онгон нь чоно байсан гэмээр байна. 2000 гаруй жилийн тэртээ Хятадын Хан улсын эрх баригчид Хүннүгийн нүүдэлчдээс цагаан чоно, цагаан бугаар алба барихыг шаардсан байна. Гэвч хүннүчүүд Хан улсын түрэмгийллийг эсэргүүцэн тэмцэлдээд, цагаан чоно, цагаан бугыг өгсөнгүй гэж эртний сударт өгүүлжээ. Энд Хан улс зүгээр нэг чоно, буга хоёрыг хээр талаас барьж авчирч өгөхийг шаардсан хэрэг биш, харин Хүннүгийн нүүдэлчдийн голлох овгуудын онгон нь чоно, буга байсан бөгөөд Хан улс тэдний онгон шүтээнийг нь гартаа оруулан авснаар нүүдэлчдийг үзэл санаа, ёс суртахууны талаар өөртөө дагаар оруулахыг оролдсон хэрэг. Нүүдэлчид энэ шаардлагын цаад утгыг ойлгож байсан учир биелүүлээгүй, харин ч эсэргүүцсэн байна.
Хүннү улсын төр барьсан язгууртан нар нь монгол угсааныхан байсан гэх үзэл сүүлийн үед давамгайлах хандлагатай байгаа билээ. Хүннүгийн эрх барьсан овгийн онгон нь чоно байсан гэж эрдэмтэн Г.Сүхбаатар нотолжээ.
Хожмын язгуурын монголчууд чоно, бугыг эрхэмлэж шүтдэг байсан нь Хүннүгийн үеэс уламжилсан байна. XII зууны үед язгуурын монголчуудын дунд Чинос (Чонос) нэрт овог байсан нь чоно шүтээнтний онгоны нэр нь яваандаа уг овгийн нэр болсон гэж судлаачид үздэг. Мөн Дөрвөний Болод ахай нарын монгол түүхчид оролцон XIҮ зууны босгон дээр Иранд туурвисан "Сударын чуулган"-д тэмдэглэснээр, Чингис хааны дээдэст Гэндү (эр) чоно, өлөгчин чоно гэх нэр хочтон байж. Бас эрт цагт Хангай ууланд нэгэн их ав хийхэд, Чингис хаан Бөртэ чино, Хоа марал хоёр хоморгонд орох буй. Тэднийг битгий агнагтун гэж зарлиг болж байсан гэж Лу.Алтан товчид өгүүлжээ.
Монголчуудын ноёлох овгийн онгон нь Бөртэ чоно, Хоа марал байсан. Тиймээс тэднийг агнахыг хориглосон гэж судлаачид үүнийг тайлбарладаг.Боржигин овгийн нэр ч онгонтойгоо холбоотой үүссэн гэмээр байдаг. "Судрын чуулган"-д боржигин нь бор (цэнхэр) нүд гэсэн үг гэж тайлсан. Энэ нь боржигин нэрийн эхний бор нь монгол хэлний бор /у/ гэсэн үгтэй гарлын холбоотойг дохиолж байна.
Дундад үеийн монгол хэлний бор /у/ нь цайвар бор, бор саарал, саарал гэсэн утга илтгэдэг. Түрэг хэлний бөри (бүри) гэдэг үг нь монгол хэлний бору-тай ойролцоо утгатайгаас гадна "боргоцой" гэсэн утгатай. Монгол хэлний бор, боргоцой хоёр нэг язгууртай үг. Түрэг хэлний бөри-тэй дуудлага, утгаар нь дүйлгэж болох бөртө хэмээх монгол үг байдаг. Энэ үг бор толбот гэсэн утгатай. Бөртөндөх гэвэл бор толбо нь ихдэх, бор толботой болох, бор сэвх суухыг хэлнэ.
Эрт цагт өвөг алтай хэлнээ чоныг бөри (бүри) гэж нэрлэж байжээ. Монголчууд хожим чонын бэлтрэгийг бөртэ гэж байсан нь түүний үлдэц юм. Эдүгээ цөөбөр гэж чонын нэр байдаг нь цөгэ (бага)-бөри (чоно) гэсэн алтайн хэлний хоёр үг нийлж хэвшсэнээс үүсчээ.
Дээр өгүүлснийг нэгтгэвэл, түрэг хэлний бөри (бүри), монгол хэлний бор /у/ нь өвөг алтай хэлнээ нэг язгуур, гаралтай байгаад хэлний хөгжлийн цаашдын явцад утга нь салбарлан, авианы хувьсал үзжээ. Чингэхдээ, бөри (бүри) нь эртний хэлбэрээ илүү хадгалж, бору нь авианы бүтцийн хувьд нэлээд өөрчлөгдсөн байна. Бор, цайвар бор, саарал гэсэн утгатай эртний алтай хэлний бөри (бүри) нь бас чоныг зүсмээр нь төлөөлүүлэн нэрлэдэг байж. өвөг алтай хэлний бөри монгол хэлэнд бор /у/ болсон цагт боржигин нэр үүссэн бөгөөд түүний эхний үеийн бор нь алтай хэлний бөри буюу монгол хэлний бор /у/ мөн байлтай. Харин боржигин нэрийн сүүлчийн жигин нь эртний алтай хэлний тегин гэсэн үгийн хожмын хувилбар юм. Тегин нь ҮI-ҮIII зуунд хаадын удам угсаа, ойр төрлийнхний цол, хан хүүгийн өргөмж нэр байж.
Тийнхүү монгол хэлний бор/у/, өвөг алтай хэлний тегин гэсэн оёр үг нийлж хэвшсэнээс боржигин овгийн нэр үүссэн. Энэ нэрийн уламжлалт зөв бичлэг нь боржигин болой.
Боржигин овгийн тамга нь хас байсан гэмээр баримт байна. Хуучин Хархорум хотын туйр дээр 1586 онд Абтай ханы байгуулсан Эрдэнэ зуу хийдийн тоосгодод хас тамга тавьсан байна. Мөн Халхын Цогт хунтайж, өөрийн эхийн хамт Туул голын баруун хөвөөнөө 1601-1617 онд байгуулсан Цагаан байшингийн тоосго ч бас хас тамгатай болох нь археологийн судалгаагаар илрэв. Абтай бол Чингис хааны 18 дугаар үеийн ач, Цогт бол 19 дүгээр үеийн ач, боржигин овгийн язгууртнууд юм. Мөн Халхын Сэцэн хан аймгийн Бишрэлт засгийн хошууны ноён Хардал жанжин бэйс Пүрэвжавын адууны тамга нь хас байж. Пүрэвжав ноён бол Чингис хааны отгон хүү Тулуйн угсааны боржигин овогтон юм. Түүний хэрэглэж агсан хас тамганы загвар Хэнтий амгийн Орон нутаг судлах музейд одоо хадгалагдаж байна. Боржигин нь хүн ам олонтой том овог бөгөөд түүний зарим салбар нь хасаас өөр тамга хэрэглэж байсныг бид үгүйсгэхгүй. Харин Чингис хааны 16 дугаар үеийн ач Гэрсэнзээс угсаалсан Халхын боржигин овогт ноёд язгууртан нар хас тамга хэрэглэж байж.
Монголын их хаадын төрөн гарсан боржигин овгийн үүсэл, түүний онгон шүтээн, тамга сэлтийг зөв тогтоох нь зөвхөн эрдэм шинжилгээний төдийгүй тактикийн өргөн ач холбогдолтой юм. Бид бусдын онгон шүтээнийг аялдан дагалдалгүй, өөрсдийн түүх, уламжлалт соёлын зүйлээ танин мэдэж өвлүүштэй байнам.



Цааш унших...