Танилцуулга
НББОУС-ын Хорооноос НББОУС 38 “Биет бус хөрөнгө”-ийг 1998 оны 9-р сард анх удаа хэвлэн нийтэлсэн нь НББОУС 9 “Судалгаа ба Хөгжуүлэлтийн Зардал”-ыг орлох болсон.
Энэ тайлбарт СТОУС-ын 2008 оны 12 сарын 31 хүртэлх нэмэлт өөрчлөлтийг багтаасан бөгөөд тус стандарт нь одоогийн байдлаар үндсэн 133, дүгнэлтийн үндэслэлийн 110 заалттай.
Зорилго
НББОУС 38 “Биет Бус Хөрөнгө”-н зорилго нь бусад стандартаар авч үзээгүй биет бус хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт болон хэмжилтийн шалгуурыг тодорхойлоход оршино. Энэ стандартаар биет бус хөрөнгийг хүлээн зөвшөөрөх, биет бус хөрөнгийн өртгийг тодорхойлох, болон биет бус хөрөнгийн хорогдуулалт ба үнэ цэнийн бууралтыг хэрхэн хэмжих тухай тайлбарладаг.
Хамрах хүрээ
Энэ Стандартыг дор дурдсанаас бусад биет бус хөрөнгийг бүртгэхэд хэрэглэнэ:
а) Санхүүгийн Тайлагналын Олон Улсын бусад Стандартаар зохицуулагддаг биет бус хөрөнгүүд;
б) НББОУС32 “Санхүүгийн Хэрэглүүр”: Тодруулга ба Толилуулгад тодорхойлсон санхүүгийн хөрөнгө;
в) СТОУС 6 “Ашигт Малтмалын Нөөцийн Хайгуул ба Үнэлгээ”-ний дагуу хүлээн зөвшөөрч бүртгэсэн хайгуул ба үнэлгээний хөрөнгүүд;
г) Ашигт малтмал, газрын тос, байгалийн хий зэрэг нөхөн сэргээгдэхгүй нөөцүүдийг боловсруулах болон олборлох зардлууд. (НББОУС38.2)
НЭР ТОМЪЁО
Биет бус хөрөнгө (Intangible assets): Биет шинж чанаргүй, тодорхойлж болох, мөнгөн бус хөрөнгө.
Идэвхтэй зах зээл (Active market):
Дараах бүх нөхцлийг хангасан зах зээлийг хэлнэ:
* зах зээлд худалдаж байгаа зүйлс нь ижил төрлийн байх;
* ямар ч үед худалдагч, худалдан авагч нь бие биеэ олох боломжтой байх; ба
* хөрөнгийн үнэ нь олон нийтэд ил тод байх.
Хорогдуулалт (Amortization): хөрөнгийн элэгдүүлэх өртгийг ашиглалтынх нь хугацааны туршид системтэйгээр тооцсон хуваарилалт.
Хөрөнгө (Аsset):
дараах шинж чанарыг агуулсан нөөц:
* аж ахуйн нэгжийн өнгөрсөн үйл ажиллагааны үр дүнд бий болсон: ба
* аж ахуйн нэгжид эдийн засгийн ирээдүйн үр өгөөж авчрахаар хүлээгдэж байгаа.
Дансны үнэ (Carrying amount): балансад байгаа хуримтлагдсан элэгдэл болон хуримтлагдсан бууралтын гарзыг хассаны дараа хөрөнгийг хүлээн зөвшөөрсөн дүн.
Өртөг (Соst): хөрөнгийг худалдан авах, барьж байгуулах өдрийн бодит үнэ цэнэ буюу төлсөн мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн дүн эсвэл хэрэв боломжтой бусад СТОУС, тухайлбал СТОУС 2 “Хувьцаанд Суурилсан Төлбөр”-т заасны дагуу хөрөнгийг анх хүлээн зөвшөөрөхөд хуваарилсан дүн.
Хорогдуулах дүн (Depreciable amount): хөрөнгийн анхны өртөг, эсвэл өртөг хэмээн төлөөлүүлэн хүлээн зөвшөөрсөн дүнгээс үлдэх өртгийг хассан дүн.
Хөгжүүлэлт (Research): ихээхэн боловсронгуй материал, багаж хэрэгсэл, бүтээгдэхүүн, үйл явц, систем болон үйлчилгээг бий болгох, түүнийг үйлдвэрлэл болон хэрэглээнд нэвтрүүлэх хүртэлх судалгаа шинжилгээний болон бусад мэдлэгийг хэрэглэх үйл ажиллагаа.
Аж ахуйн нэгжийн тооцоолсон үнэ (Entity-specific value): хөрөнгийг тасралтгүй ашигласнаас болон тухайн хөрөнгийг ашиглалтын хугацааны эцэст данснаас хассанаас орно хэмээн тооцоолсон эсвэл зээлээр худалдан авна хэмээн тооцоолсон мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнэ.
Бодит үнэ цэнэ (Fair value): холбоогүй талуудын ажил гүйлгээгээр зохих мэдлэгтэй, арилжаанд оролцоход бэлэн байгаа талуудын хооронд хөрөнгийг солилцож болох дүн.
Үнэ цэнийн бууралтын гарз (Impairment loss): хөрөнгийн нөхөгдөх дүнгээс илүү гарсан дансны үнийн дүн.
Мөнгөн хөрөнгө (Monetary assets): бэлнээр эзэмшиж байгаа мөнгө болон хүлээн авах мөнгөн дүн нь тодорхой эсвэл тодорхойлох боломжтой хөрөнгө.
Судалгаа (Research): шинжлэх ухаан, техникийн шинэ мэдлэг, санаа хайж олохтой холбоотой төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаа тандалт.
Үлдэх өртөг (Residual value): хөрөнгийн ашиглалтын хугацааны эцэст түүнийг данснаас хасахтай холбоотой гарахаар хүлэгдээж буй зардлыг хассаны дараа тухайн хөрөнгөд байхаар тооцоолсон дүн.
Ашиглалтын хугацаа (Useful life):
* аж ахуйн нэгж тухайн хөрөнгийг ашиглах хугацаа; эсвэл
* аж ахуйн нэгжээс тухайн хөрөнгийн өртгийг хуваарилан шингээх бүтээгдэхүүний тоо хэмжээ, эсвэл түүнтэй адилтгах нэгж байна.
БИЕТ БУС ХӨРӨНГӨ
Биет бус хөрөнгө гэж биет шинж чанаргүй, тодорхойлогдох мөнгөн бус хөрөнгийг хэлнэ. (НББОУС 38.8)
Биет бус хөрөнгө нь дараах шалгуурын аль нэгийг хангавал түүнийг тодорхойлогдох хөрөнгө гэж үзнэ:
* Тусад нь авч үзэх боломжтой, өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж уг хөрөнгийг тусад нь эсвэл холбогдох гэрээ, хөрөнгө, өр төлбөрийн хамт түрээсэлж, борлуулж, шилжүүлж, солилцох боломжтой байна; эсвэл
* биет бус хөрөнгө нь гэрээний буюу бусад хууль эрхийн актын дагуу тэдгээр эрхийн шилжүүлэгдэх эсвэл тусад нь авч үзэх шинж чанараас үл хамааран үүсч байвал. (НББОУС 38.12)
Биет бус хөрөнгийн нийтлэг жишээнд компьютерийн программ хангамж, патент, зохиогчийн эрх, кино зохиолын эрх, худалдааны тэмдэг, лиценз, франчайз, борлуулалтын эрх зэрэг орно.
ТОДОРХОЙ АШИГЛАЛТЫН ХУГАЦААТАЙ БИЕТ БУС ХӨРӨНГӨ
Хорогдуулах хугацаа ба хорогдуулах арга
Тодорхой ашиглалтын хугацаатай биет бус херөнгийг түүний ашиглалтын хугацаанд хорогдуулна. (НББОУС 38.97)
Биет бус хөрөнгийн анхдагч хүлээн зөвшөөрөлт ба хэмжилт нь НББОУС 16 “Үндсэн хөрөнгө”-тэй ижил төстэй байдаг. Биет бус хөрөнгийн хорогдуулалт нь хөрөнгийг ашиглахад эсвэл хэрэглэхэд бэлэн болсон үеэс эхэлнэ. Аж ахуйн нэгжийн хөрөнгөөс хүртэх эдийн засгийн хүлээгдэж буй өгөөжөөс хамааруулан энэ стандартад заасан шулуун шугамын арга, үлдэгдлийг давхар бууруулах арга ба үйл ажиллагааны нэгжийн аргыг сонгон хэрэглэж болно. Хэрэв аж ахуйн нэгжийн тухайн хөрөнгөөс хүртэх эдийн засгийн хүлээгдэж буй өгөөжийг тодорхойлох боломжгүй байвал хорогдол тооцох шулуун шугамын аргыг хэрэглэнэ.
Аж ахуйн нэгж тайлант жил бүр биет бус хөрөнгийн ашиглалтын хугацаа, хорогдуулах арга, болон үлдэх өртгийг шалгах хэрэгтэй.
Тодорхойгүй ашиглалтын хугацаатай биет бус хөрөнгө
Биет бус хөрөнгөөс аж ахуйн нэгж хэдий хугацаанд өгөөж хүртэх нь тодорхойгүй байх үед ашиглалтын хугацаа тодорхойгүй биет бус хөрөнгө гэж үзнэ.
Тодорхойгүй ашиглалтын хугацаатай биет бус хөрөнгийг хорогдуулахгүй. (НББОУС 38.107)
Биет бус хөрөнгийн данснаас хасалт
Биет бус хөрөнгийг борлуулах эсвэл түүнээс ирээдүйн эдийн засгийн өгөөж хүртэх нь тодорхойгүй болох үед түүнийг данснаас хасна. Биет бус хөрөнгийг данснаас хасах үед түүний дансны үнэ ба хасалтаас олсон орлогын зөрүүгээр олз, гарзыг тооцож түүнийг тайлант үеийн ашиг, алдагдлын хэсэгт тусгана. (НББОУС 38.112-113)
The Genius of China
13 years ago
0 сэтгэгдэл
Post a Comment