Танилцуулга
Энэ стандартыг анх 1982 оны 3 дугаар сард НББОУС 16 Үндсэн Хөрөнгийн Буртгэл нэрээр хэвлэн нийтэлсэн бөгөөд 1993 онд НББОУС 16 Үндсэн хөрөнгө болгон өөрчилсөн байна.
Энэ тайлбарт 2008 оны 12 дугаар сарын 31 хүртэлх СТОУС-ын нэмэлт өөрчлөлтийг багтаасан болно.
Зорилго
Энэ стандартын зорилго нь үндсэн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийн хандлагыг тодорхойлохоос гадна санхүүгийн тайлан хэрэглэгчдэд аж ахуйн нэгжүүдийн үндсэн хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалт, түүний өөрчлөлт зэрэг мэдээллийг олж харах боломж олгоно. Мөн үл хөдлөх хөрэнгө, барилга байгууламж болон тоног төхөөрөмжийн бүртгэл, хүлээн зөвшөөрөлт, тэдгээрийн дансны үнийн тодорхойлолт, элэгдлийн өөрчлөлт, үнэ цэнийн бууралтын гарз зэрэгтэй холбоотой бүртгэлийн асуудлыг авч үзнэ. (НББОУС 16.1)
Хамрах хүрээ
НББОУС-ын бусад стандартаар нягтлан бодох бүртгэлийн ялгаатай хандлага хэрэглэхийг шаардах эсвэл зөвшөөрөхөөс бусад бүх тохиолдолд энэ стандартыг үндсэн хөрөнгийн бүртгэлд хэрэглэнэ. (НББОУС 16,2)
Энэ стандарт нь дараах асуудлыг авч үзэхгүй. Үүнд:
1. Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа үндсэн хөрөнгө, эдгээр хөрөнгийг СТОУС 5 Борлуулахаар Эзэмшиж Байгаа Эргэлтийн Бус Хөрөнгө болон Зогсоосон Үйл Ажиллагаа-ны дагуу бүртгэнэ;
2. Хөдөө аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой биологийн хөрөнгө (НББОУС 41 Хөдөө Аж Ахуй-г үз);
3. Судалгаа, хөгжүүлэлтийн үе шатанд байгаа хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт, хэмжилт (СТОУС 6 Ашигт Малтмалын Хайгуул ба Үнэлгээ-г үз);
4. Ашигт малтмал, газрын тос гэх мэт дахин сэргээгддэггүй нөөцийн бүртгэл. (НББОУС 16.3)
ТОДОРХОЙЛОЛТ
Дансны үнэ (Carrying amount): хөрөнгийн хүлээн зөвшөөрөгдсөн дүнгээс дараа үеийн хуримтлагдсан элэгдэл болон үнэ цэнийн бууралтын гарзыг хассан дүн
Өртөг (Cost): хөрөнгийг худалдан авах, барьж байгуулах өдрийн бодит үнэ цэнэ буюу төлсөн мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн дүн эсвэл хэрэв боломжтой бусад СТОУС-д, тухайлбал СТОУС 2 Хувьцаанд Суурилсан Төлбөр-т заасны дагуу хөрөнгийг анх хүлээн зөвшөөрөхөд хуваарилсан дүн.
Элэгдүүлэх өртөг (Depreciable amount): хөрөнгийн өртөг болон түүнтэй адилтгах дүнгээс үлдэх үнэ цэнийг хассан дүн.
Элэгдэл (Depreciation): хөрөнгийн элэгдүүлэх дүнг түүний ашиглалтын хугацаанд системтэй хуваарилсан хуваарилалт.
Тусгай нэгжийн үнэ цэнэ (Entity specific value): хөрөнгийн тасралтгүй ашиглалт болон ашиглалтын хугацааны эцэст дэх данснаас хасалтын үед орж ирэх мөнгөн гүйлгээний эсвэл төлөхөөр тооцоолсон өр төлбөрийн өнөөгийн үнэ цэнэ.
Бодит үнэ цэнэ (Fair value): холбоогүй талуудын ажил гүйлгээгээр зохих мэдлэгтэй, арилжаанд оролцоход бэлэн байгаа талуудын хооронд хөрөнгийг солилцох, эсвэл өр төлбөрөөр тооцож болох дүн.
Үнэ цэнийн бууралтын гарз (Impairment loss): хөрөнгийн нөхөгдөх дүнгээс давсан дансны үнийн дүн.
Үндсэн хөрөнгө (Property, plant and equipment); дараах шалгууруудыг хангасан биет зүйлсийг хэлнэ. Үүнд:
үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээ, түрээс эсвэл удирдлагын хэрэгцээнд ашиглаж байгаа;
нэгээс дээш тайлант хугацаанд ашиглагдах.
Нөхөгдөх дүн (Recoverable amount): хөрөнгийн бодит үнэ цэнээс борлуулалттай холбоотой зардлыг хассан дүн ба ашиглалтын үнэ цэнийн аль их дүн.
Үлдэх өртөг (Residual value): хөрөнгийн ашиглалтын хугацааны эцэст түүнийг данснаас хасахтай холбоотой аливаа зардлыг хассаны дараа уг үйл ажиллагаанаас байгууллагад орж ирэх дүнг хэлнэ.
Ашиглалтын хугацаа (Useful life):
хөрөнгийн ашиглагдах боломжтой хугацаа; эсвэл
тухайн хөрөнгийг ашиглаад бий болгох бүтээгдэхүүн үйлчилгээний тоо хэмжээ, түүнтэй адилтгах зүйлсийн нэгж байна.
Өртгийн бүрэлдэхүүн хэсгүүд
Дараах зүйлсийг үндсэн хөрөнгийн өртөгт багтаан авч үзнэ. Үүнд:
Худалдан авсан үнэ, гаалийн татвар, буцаан олгоогүй худалдааны татварын дүн. Худалдан авалтын үеийн хөнгөлөлтийг хасч тооцно.
Хөрөнгийг ашиглах байрлалд авчрах ба ашиглахад бэлэн болгохтой холбоотой шууд зардлууд.
Хөрөнгийг анх олж эзэмших үед тухайн аж ахуйн нэгж нь буулгах, сэргээн засварлах, нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарсан зардлуудыг өөрөө хариуцахаар тооцоолсон бол эдгээр зардлууд өртөгт орно. (НББОУС 16.16)
Элэгдүүлэх өртөг ба элэгдүүлэх хугацаа
Хөрөнгийн элэгдүүлэх өртөг нь ашиглалтын хугацааны туршид системтэйгээр хуваарилагдана. (НББОУС 16.50)
Хөрөнгийн ашиглалтын хугацаа болон үлдэх үнэ цэнийг санхүүгийн жил бүрийн эцэст дахин хянаж үзэх бөгөөд хэрэв эдгээрт өөрчлөлт орсон бол уг өөрчлөлтийг нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлтөөр авч үзэж НББОУС8 “Нягтлан Бодох Бүртгэлийн Бодлого, Тооцооллын Өөрчлөлт ба Алдаа”-ны дагуу бүртгэнэ. (НББОУС 16.51)
Хөрөнгийн үлдэх үнэ цэнэ нь хөрөнгийн дансны үнэтэй тэнцүү болтол эсвэл түүнээс илүү хэмжээгээр өсч болно. Хэрэв үлдэх үнэ цэнэ нь дансны үнээс давсан тохиолдолд үлдэх үнэ нь дансны үнээс бага болтол элэгдүүлсэн дүн нь тэгтэй тэнцүү байна. (НББОУС 16.54)
Элэгдэл байгуулах арга
Аж ахуйн нэгж нь үндсэн хөрөнгөнд элэгдэл байгуулахдаа түүний ирээдүйд авчрах эдийн засгийн үр өгөөжөөс хамаарч тохирох аргыг ашиглана. (НББОУС 16.60)
The Genius of China
13 years ago
0 сэтгэгдэл
Post a Comment