Түүхийн шинжлэх ухаанд Чингис хааны төрсөн, нас барсан сар, өдөр болон түүний мэндэлсэн, тэнгэрт хальсан газар орныг эцэслэн тогтоож хараахан чадаагүй байна. Мөн Их Монгол Улсыг байгуулж хаан ширээнд суусан он цагийн тухайд ч судлаачдын санал зөрөлддөг. Энэ онд 800 жилийн ойг нь тэмдэглэж буй Их Монгол Улсын түүхтэй Чингис хаан болон түүний шадар туслагчид, алтан ургийнхны намтар, үйл ажиллагаа салшгүй холбоотой.
Манай сонин Чингис хааны намтрын болон Их Монгол Улсын түүхэн хэрэг явдлын он цагийн тухай сүүлийн шинэ сэргэг судалгааны үр дүнг уншигчдадаа хүргэхээр түүхийн шинжлэх ухааны доктор, профессор А.Очирын бичсэн цуврал өгүүллүүдийн хоёр дахийг нь нийтэлж байна. Цаашдаа Их Монгол Улс байгуулагдаж, Чингис хаан ширээнд суусан он цагийг тодруулах нь, Тэмүжиний төрсөн газрын тухай зэрэг сэдвийг хөндөх юм.
Боржигин бол язгуурын монголчуудын сурвалж таны төрөн гардаг том овог. "Монголын нууц товчоо"-нд, "Бодончар боржигин овогтон болов" гэжээ. Бодончар бол Х зууны язгуурын монголчуудын тэргүүлэгч Добу мэргэн нас нөгчсөний дараа түүний бэлбэсэн хатан Алунгоогоос төрсөн бутач гурван хүүгийн отгон нь билээ. Добу мэргэний дараа Алунгоо хатнаас төрсөн Бугу Хатаги, Бугуту Салжи, Бодончар гурвын нууц эцэг нь тэдний гэрт агсан Маалиг баяудын нэгэн хүн мөн хэмээн сэжиглэгддэг.
Тийнхүү Бөртэ чоноос эхэлсэн язгуурын монголчуудын ноёдын удам нь Х зууны үед Добу мэргэн дээр ирээд тасарсан ажээ. Тэгээд ч хожмын Монголын их хаадын удмыг Бодончараас эхлүүлэн тоолдог. Монгол хаадын гарсан алтан ургийг ч Бодончараас эхэлсэн гэж сурвалж бичгүүдэд өгүүлдэг. Бодончар 970 онд төрсөн гэж судлаачид бодож гаргажээ. Тэгвэл боржигин овог нь Х зууны сүүлчээр үүссэн ажээ.
Бодончарыг өндөр өвгөө гэж үздэг алтан ургаас төрөн гарсан Чингис хаан XIII зууны эхэн үед өөрийн дүү, хүүхдүүддээ Монгол орныг хуваан өгснөөр тэдний үр хойчис нь ч үе залгамжлан Монгол Улсын хүн ам, газар нутгийн тодорхой хэсгийг өвлөсөн юм. Чингис, түүний дүү нарын угсааны боржигин ноёд XIII-XIҮ зууны үед Монголын эзэнт гүрний, ХIҮ зууны хоёрдугаар хагасаас XҮII зуунд зүүн Монголын бүх эрхийг барьж, өндөр нэр нөлөөтэй байв.
Манж Чин гүрний эрхшээлийн үеийн Монголын орон нутгийн эрх баригсдын дийлэнх нь боржигин тайж нар юм. XҮIII-XX зууны эхэн үеийн Халхын 83, өвөр Монголын 58, Хөхнуурын 21, Ил, Ховдын хязгаарын таван хошууны засаг ноёд нь бүгд Чингис хаан, түүний дүү нарын удмын ноёд байв. Энэ нь тэр үеийн монголчууд бөөн суусан дээрх газруудын 70 хувийн эрх мэдлийг боржигиныхон барьж байв гэсэн үг. Yүнээс гадна Халхын Сэцэн хан аймгийн Боржигин сэцэн засгийн хошуу (одоогийн Монгол Улсын Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Иххэт, Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Төв аймгийн Баянжаргалан сум, Говьсүмбэр аймагт)-нд боржигин нар бөөндүү сууж байсан билээ.
Язгуурын монголчуудын хамгийн том овог боржигин нь өөрийн онгон шүтээнтэй байсан нь мэдээж юм. Харин тэд онгоноо эрт мартсан бололтой. Тиймээс өдгөө боржигин овгийн онгон чухам юу байсан талаар судлаачдын санал зөрөөтэй байна.
Зарим судлаач боржигины онгон нь цагаан шонхор байсан гэж байна. Эл үзлийг баримтлагчид "Монголын нууц товчоо"-нд буй нэгэн мэдээг үндэс болгодог. Тэнд өгүүлсэн нь, Есүхэй баатар Тэмүжинг есөн настай байхад өгэлүн эхийн төрхөм Олхонуд иргэнээс түүнд охин гуйхаар яваад замдаа Хонхирадын Дэй сэцэнтэй уулзсанд, Дэй сэцэн: -Есүхэй худ аль хүрч явна хэмээсэнд Есүхэй -Миний хөвгүүний нагац олхунуд иргэнээс охин гуйхаар явна гэсэнд, Дэй сэцэн: -Энэ чинь нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй хөвгүүн байна. Би энэ шөнө нэгэн зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуу нар, сар хоёрыг атган нисч ирээд гар дээр минь буув гэж зүүдлэв. Есүхэй худ чи хөвгүүн дагуулж ирсэн нь даруй миний зүүдний тайлбар болов. Юун зүүд байх вэ? Танай хиад иргэний сүлдэр ирж заасан ажгуу" гэж хэлдэг. Лу "Алтан товч"-д үүнийг Таны хиад иргэний сүлд ирж заасан ажгуу хэмээсэн. "Монголын нууц товчоо"-ны сүлдэр гэдгийг Лувсанданзан сүлд гэж ойлгосон байна.
Сүлдэр хэмээх үг "Монголын нууц товчоо"-нд гурван удаа тохиолдоно. Yүнд, Чингисийн эсрэг тэмцсэн Жамуха баригдан, түүний өмнө өчихдөө, -Язгуур өөр төрөлхөт билээ, би. Илүү төрөлхөт андын сүлдэрээ (сүлдэрт) дарагдав гэжээ. Мөн Чингис хаан 1211 онд Тангуд улсад довтлон очсонд, Тангудын тэргүүн хэлсэн нь: -Чингис хааны нэр алдрыг сонсч айж байв. Эдүгээ сүлдэрт бие чинь хүрч ирж, сүлдрээс (чинь) айвай. Айж тангуд иргэн баруун гар чинь болж, хүч өгсү гэжээ. "Монголын нууц товчоо"-нд сүлдэр хэмээх үг орчин цагийн монгол хэлний сүлд, сүр сүлд, сүлд хийморь, сүр жавхлан гэсэн үгтэй ойролцоо утгаар хэрэглэгдсэн нь дээрх жишээнээс мэдэгдэж байна.
Тэгэхээр "Монголын нууц товчоо"-ны дээрх хэллэг нь хиад иргэний сүр сүлд нь Дэй сэцний зүүдэнд цагаан шонхор шувууны дүрээр хувилан ирж, Тэмүжин тэднийд хүргэн орохыг дохиолсон гэсэн санаа илтгэсэн бололтой. Монголчуудын аман зохиолд, аливаа сайн, муу явдлын ёр нь аль нэг амьтан, эд юмсын дүрээр зүүдэнд үзэгдэх нь түгээмэл тааралддаг. Тэгэхдээ, тэр зүүдэнд үзэгдсэн юмс нь тухайн овог аймгийн онгон шүтээн байх албагүй, зөвхөн ёр совингийн төдий, битүү дохио болдог. Дээрх Дэй сэцний зүүдэнд үзэгдсэн цагаан шонхор шувуу ч манай аман зохиолын тэр өгүүлэмжтэй төстэй байна. Yүнтэй холбогдуулан, "Монголын нууц товчоо" нь түүхийн сурвалж болохын зэрэгцээ басхүү уран зохиолын бүтээл гэдгийг мартаж боломгүй.
Шонхор шувууг боржигин овгийн онгон гэж үзэхэд эргэлзээ төрүүлэм өөр ноцтой баримтууд бас байна. Эртний Уйгурын домогт хаан Огузын үр ач нарын хэрэглэж явсан тамга, онгон шүтээн, хувь махны тухай сурвалж бичгүүдэд өгүүлжээ. Түүнийг үзүүлье.
Мөн Чингис хаан Дундад Азийг эзлээд, Казахын ноёдод эрхэмлэн шүтэж явах уриа дуудлага, шувуу, мод, тамга зэргийг тус тусад нь ялган соёрхсон аж. Тэр үед Чингис хаан Казахын Конрат овгийн тэргүүний уриа дуудлага нь конырат (хээр морь), эрхэмлэн шүтэх шувуу нь шонхор, мод нь алимын (үрлийн) мод, тамга нь сар-С хэмээн тогтоож өгснийг Казахын угийн бичигт өгүүлжээ. Хэрэв шонхор шувуу нь боржигин овгийн онгон байсан бол, их хаан өөрийн онгоноо харь Казахын овгийн бэлгэ тэмдэг болгон өгөх ёсгүй. Харин Конрат овгийн онгон нь шонхор шувуу байсныг сэргээн бататгасан байж болно.
Дээр өгүүлсэн зүйлүүдээс үзвэл, шонхор, цагаан шонхор шувуу нь түрэг угсаатны Уйгур, Казахын ноёлог овгуудын онгон шүтээн мөн гэдэг нь тэдний угийн бичиг болон бусад сурвалжаас тодорхой байна.
Гэтэл 1990 оноос хойш шонхор бол монголчуудын онгон шүтээн байсан гэх үндэслэл муутай үзэл дэлгэрч, төрийн болоод хувийн байгууллага, хүмүүс шонхрын дүрст бэлгэдэл хэрэглэх нь элбэгшин, тэр нь урлаг, утга зохиолын бүтээлд ч нэвтэрч байна. Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар шонхор шувууг албан ёсоор бэлгэ тэмдгээ болгож, бүх шатны цагдаагийн дүрэмт хувцасны ханцуйнд нисч буй шонхрын дүрсийг хэрэглэсэн нь дээрхийн нэг жишээ мөн. Энэ нь шонхор бол монголчуудын онгон шүтээн мөн хэмээн төрийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөнтэй адил зүйл болж байна.
Ерөөс онгон бол тухайн овог, аймгийн биеэ даан оршин тогтож байгаагийн илэрхийлэл, түүний гишүүдийн угсаа гарал, үзэл санааны нэгдлийн бэлгэ тэмдэг нь болж байдаг. Онгоноо тахиж аргадаж байвал, түний ивээлд багтан, тухайн овог аймаг өөдлөн дэгждэг, ёс бус зүйл хийж, түүнийг хилэгнүүлбэл, уруудан доройтож болно гэж бөөгийн шүтлэгтэн монголчууд ойлгодог байжээ. Тиймээс онгон шүтээнээ амь тавин хамгаалдаг , бусдад түүнийгээ алдвал,тэдэнд дагаж орсонтой адил хэмээн үздэг байв.
Монголын их хаадын төрөн гарсан боржигин овог нь түрэг угсаатантай шууд гарлын холбоотой, онгон шүтээн нэгтэн байсан гэх бодитой, тодорхой баримт байхгүй. Тиймээс уйгур, казах зэрэг түрэг угсаатны онгон шүтээн шонхор шувууг бид бэлгэ тэмдгээ болгон хэрэглэх нь Монголын төр ёсны уламжлал, монголчуудын үзэл санааны тусгаар тогтнол, ёс зүйд нийцэхгүй зүйл юм.Боржигин овгийн онгон нь шонхор биш юм бол чухам юу байсан бэ гэсэн асуулт гарч байна. Энэ овгийн онгон нь чоно байсан гэмээр байна. 2000 гаруй жилийн тэртээ Хятадын Хан улсын эрх баригчид Хүннүгийн нүүдэлчдээс цагаан чоно, цагаан бугаар алба барихыг шаардсан байна. Гэвч хүннүчүүд Хан улсын түрэмгийллийг эсэргүүцэн тэмцэлдээд, цагаан чоно, цагаан бугыг өгсөнгүй гэж эртний сударт өгүүлжээ. Энд Хан улс зүгээр нэг чоно, буга хоёрыг хээр талаас барьж авчирч өгөхийг шаардсан хэрэг биш, харин Хүннүгийн нүүдэлчдийн голлох овгуудын онгон нь чоно, буга байсан бөгөөд Хан улс тэдний онгон шүтээнийг нь гартаа оруулан авснаар нүүдэлчдийг үзэл санаа, ёс суртахууны талаар өөртөө дагаар оруулахыг оролдсон хэрэг. Нүүдэлчид энэ шаардлагын цаад утгыг ойлгож байсан учир биелүүлээгүй, харин ч эсэргүүцсэн байна.
Хүннү улсын төр барьсан язгууртан нар нь монгол угсааныхан байсан гэх үзэл сүүлийн үед давамгайлах хандлагатай байгаа билээ. Хүннүгийн эрх барьсан овгийн онгон нь чоно байсан гэж эрдэмтэн Г.Сүхбаатар нотолжээ.
Хожмын язгуурын монголчууд чоно, бугыг эрхэмлэж шүтдэг байсан нь Хүннүгийн үеэс уламжилсан байна. XII зууны үед язгуурын монголчуудын дунд Чинос (Чонос) нэрт овог байсан нь чоно шүтээнтний онгоны нэр нь яваандаа уг овгийн нэр болсон гэж судлаачид үздэг. Мөн Дөрвөний Болод ахай нарын монгол түүхчид оролцон XIҮ зууны босгон дээр Иранд туурвисан "Сударын чуулган"-д тэмдэглэснээр, Чингис хааны дээдэст Гэндү (эр) чоно, өлөгчин чоно гэх нэр хочтон байж. Бас эрт цагт Хангай ууланд нэгэн их ав хийхэд, Чингис хаан Бөртэ чино, Хоа марал хоёр хоморгонд орох буй. Тэднийг битгий агнагтун гэж зарлиг болж байсан гэж Лу.Алтан товчид өгүүлжээ.
Монголчуудын ноёлох овгийн онгон нь Бөртэ чоно, Хоа марал байсан. Тиймээс тэднийг агнахыг хориглосон гэж судлаачид үүнийг тайлбарладаг.Боржигин овгийн нэр ч онгонтойгоо холбоотой үүссэн гэмээр байдаг. "Судрын чуулган"-д боржигин нь бор (цэнхэр) нүд гэсэн үг гэж тайлсан. Энэ нь боржигин нэрийн эхний бор нь монгол хэлний бор /у/ гэсэн үгтэй гарлын холбоотойг дохиолж байна.
Дундад үеийн монгол хэлний бор /у/ нь цайвар бор, бор саарал, саарал гэсэн утга илтгэдэг. Түрэг хэлний бөри (бүри) гэдэг үг нь монгол хэлний бору-тай ойролцоо утгатайгаас гадна "боргоцой" гэсэн утгатай. Монгол хэлний бор, боргоцой хоёр нэг язгууртай үг. Түрэг хэлний бөри-тэй дуудлага, утгаар нь дүйлгэж болох бөртө хэмээх монгол үг байдаг. Энэ үг бор толбот гэсэн утгатай. Бөртөндөх гэвэл бор толбо нь ихдэх, бор толботой болох, бор сэвх суухыг хэлнэ.
Эрт цагт өвөг алтай хэлнээ чоныг бөри (бүри) гэж нэрлэж байжээ. Монголчууд хожим чонын бэлтрэгийг бөртэ гэж байсан нь түүний үлдэц юм. Эдүгээ цөөбөр гэж чонын нэр байдаг нь цөгэ (бага)-бөри (чоно) гэсэн алтайн хэлний хоёр үг нийлж хэвшсэнээс үүсчээ.
Дээр өгүүлснийг нэгтгэвэл, түрэг хэлний бөри (бүри), монгол хэлний бор /у/ нь өвөг алтай хэлнээ нэг язгуур, гаралтай байгаад хэлний хөгжлийн цаашдын явцад утга нь салбарлан, авианы хувьсал үзжээ. Чингэхдээ, бөри (бүри) нь эртний хэлбэрээ илүү хадгалж, бору нь авианы бүтцийн хувьд нэлээд өөрчлөгдсөн байна. Бор, цайвар бор, саарал гэсэн утгатай эртний алтай хэлний бөри (бүри) нь бас чоныг зүсмээр нь төлөөлүүлэн нэрлэдэг байж. өвөг алтай хэлний бөри монгол хэлэнд бор /у/ болсон цагт боржигин нэр үүссэн бөгөөд түүний эхний үеийн бор нь алтай хэлний бөри буюу монгол хэлний бор /у/ мөн байлтай. Харин боржигин нэрийн сүүлчийн жигин нь эртний алтай хэлний тегин гэсэн үгийн хожмын хувилбар юм. Тегин нь ҮI-ҮIII зуунд хаадын удам угсаа, ойр төрлийнхний цол, хан хүүгийн өргөмж нэр байж.
Тийнхүү монгол хэлний бор/у/, өвөг алтай хэлний тегин гэсэн оёр үг нийлж хэвшсэнээс боржигин овгийн нэр үүссэн. Энэ нэрийн уламжлалт зөв бичлэг нь боржигин болой.
Боржигин овгийн тамга нь хас байсан гэмээр баримт байна. Хуучин Хархорум хотын туйр дээр 1586 онд Абтай ханы байгуулсан Эрдэнэ зуу хийдийн тоосгодод хас тамга тавьсан байна. Мөн Халхын Цогт хунтайж, өөрийн эхийн хамт Туул голын баруун хөвөөнөө 1601-1617 онд байгуулсан Цагаан байшингийн тоосго ч бас хас тамгатай болох нь археологийн судалгаагаар илрэв. Абтай бол Чингис хааны 18 дугаар үеийн ач, Цогт бол 19 дүгээр үеийн ач, боржигин овгийн язгууртнууд юм. Мөн Халхын Сэцэн хан аймгийн Бишрэлт засгийн хошууны ноён Хардал жанжин бэйс Пүрэвжавын адууны тамга нь хас байж. Пүрэвжав ноён бол Чингис хааны отгон хүү Тулуйн угсааны боржигин овогтон юм. Түүний хэрэглэж агсан хас тамганы загвар Хэнтий амгийн Орон нутаг судлах музейд одоо хадгалагдаж байна. Боржигин нь хүн ам олонтой том овог бөгөөд түүний зарим салбар нь хасаас өөр тамга хэрэглэж байсныг бид үгүйсгэхгүй. Харин Чингис хааны 16 дугаар үеийн ач Гэрсэнзээс угсаалсан Халхын боржигин овогт ноёд язгууртан нар хас тамга хэрэглэж байж.
Монголын их хаадын төрөн гарсан боржигин овгийн үүсэл, түүний онгон шүтээн, тамга сэлтийг зөв тогтоох нь зөвхөн эрдэм шинжилгээний төдийгүй тактикийн өргөн ач холбогдолтой юм. Бид бусдын онгон шүтээнийг аялдан дагалдалгүй, өөрсдийн түүх, уламжлалт соёлын зүйлээ танин мэдэж өвлүүштэй байнам.
The Genius of China
13 years ago
0 сэтгэгдэл
Post a Comment